Монгол улс эрчим хүчний шилжилтэд хэр бэлэн байна вэ?

Source: World Economic Forum. (2025, June 18). Fostering Effective Energy Transition 2025.

Өнөөдөр дэлхий дахинаа эрчим хүчний тухай яриа гэвэл дан ганц цахилгаан станц, нүүрс, нефтийн тухай биш. Харин цэвэр, тогтвортой, хүртээмжтэй ирээдүйн тухай асуудал болж хувирчээ. Энэ шилжилтийг хэмжих нэг гол үзүүлэлт нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын гаргадаг Эрчим хүчний шилжилтийн индекс (Energy Transition Index, ETI) юм.

ETI гэж юу вэ?

Товчхон хэлбэл ETI бол улс орнуудын эрчим хүчний систем өнөөдөр хэрхэн ажиллаж байгааг, мөн ирээдүйд илүү тогтвортой, байгальд ээлтэй систем рүү шилжихэд хэр бэлтгэлтэй байгааг хэмждэг индекс юм. Үндсэндээ хоёр том асуултаар чиглэгдэнэ:

  • Одоогийн эрчим хүчний систем найдвартай, хүртээмжтэй, байгальд ээлтэй байна уу?

  • Ирээдүйд ногоон шилжилт хийхэд шаардлагатай хууль, бодлого, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хүний нөөц байна уу?

Хэн тэргүүлж байна вэ?

Сүүлийн жилүүдэд Швед, Норвеги, Дани, Финланд зэрэг Скандинавын орнууд ETI-д хамгийн өндөр оноо авсан. Тэд эрчим хүчний төрөлжсөн эх үүсвэртэй, сэргээгдэх эх үүсвэрийг түлхүү ашигладаг, инновацид тасралтгүй хөрөнгө оруулдаг, мөн иргэддээ хүртээмжтэй, боломжийн үнээр эрчим хүч хүргэдгээрээ жагсаалтын тэргүүн эгнээнд бичигджээ. Өөрөөр хэлбэл, “ногоон шилжилт” тэдэнд зөвхөн уриа төдий биш, бодит амьдралынхан нэгэн хэсэг болчихоод байгаа юм.

Монгол улсын үнэлгээ: доогуур оноо, өндөр боломж

Харин Монгол Улс 2025 онд эрчим хүчний шилжилтийн индексээрээ 118 орноос 115-д жагсчээ. Нийт оноо нь ердөө 44.2. Үүнийг дээр дурдсан 2 асуултаар задлан үзвэл:

  • Системийн гүйцэтгэл: 53.7 оноо. Эрчим хүчний өнөөгийн систем ажиллаж байгаа ч чанарын хувьд хангалтгүй.

  • Шилжилтийн бэлтгэл: 29.9 оноо. Ирээдүйд ногоон шилжилт хийхэд бидний бэлтгэл сул байна гэсэн үг.

Энэ юу гэсэн үг вэ? Нэг талаас, өнөөдрийн бидний эрчим хүчний тогтолцоо ихээхэн эмзэг байгаа нь илт байна. Цахилгаан эрчим хүчний 90 хувь нь нүүрснээс хамааралтай хэвээр, Улаанбаатарын утаа өвлийн улиралд дахин давтагдсаар, дамжуулах сүлжээ элэгдсээр. Санхүүгийн хувьд ч шинэ технологи руу хөрөнгө татах орчин сул байна.

Нөгөө талаас, бидэнд боломж бий. Монгол орон бол дэлхийд хамгийн их салхи, нарны нөөцтэй орнуудын нэг. Олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүчний төсөлд хамтарч ажиллах сонирхолтой гэдгээ харуулж байгаа. Засгийн газар ч хүлэмжийн хий бууруулах, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилтоо зарласан. Гэхдээ бодит алхам удаан, хэрэгжилт сул байгаа нь энэхүү үнэлгээгээс тод харагдаж байна.

Ирээдүйн тухай

Цаг уурын өөрчлөлт Монголд аль хэдийн мэдрэгдээд эхэлжээ: цөлжилт, усны хомсдол, зуд зэрэг асуудлууд өмнө байгаагүйгээр хурцдаж байна. Хөрш Хятад улс нүүрснээс татгалзахаа олон улсад зарлаж, сэргээгдэх эх үүсвэрт хүчтэй хөрөнгө оруулж эхэлсэн энэ үед Монгол улс ард орхигдвол бид эдийн засгийн өрсөлдөх чадвар, иргэдийн амьдралын чанарын хувьд улам хоцорч мэднэ.

Гэхдээ асуудлыг зөв харвал боломж бий. Иргэний нийгэм, олон нийт эрчим хүчний бодлого дээр илүү нөлөөтэй оролцож, төрөөс бодитой, тууштай алхам шаардах цаг иржээ. Цэвэр эрчим хүч зөвхөн байгаль орчинд ээлтэй сонголт биш, харин Монголын ирээдүйн хөгжил, өрсөлдөх чадварын түлхүүр юм.

Эрчим хүчний шилжилтийн индексийн доогуур оноо биднийг гуниглуулах бус, харин сэрээх дохио байх ёстой. Ногоон шилжилт бидэнд сорилт авчрах ч, зөв удирдвал Монголыг цэвэр, тогтвортой ирээдүй рүү хөтлөх гарц болох боломжтой юм.